Sunday, March 21, 2010

Эрдмин ХХК

“Эрдмин” ХХК нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт “Эрдэнэтийн орд”-ын исэлдсэн хүдрийн овоолго буюу Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал балансын бус хүдрийн овоолгын нэгээхэн хэсгийг түшиглэн үйл ажиллагаа явуулж байна.
Анх 1994 оны 3-р сарын 18-нд “Эрдэнэт Концерн” ХХК, АНУлсын “RCM” компаниуд Шүлтгүйжүүлэлт-Уусган хандлалт-Цахилгаан химийн технологи ашиглан “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн балансын бус бага агуулгатай хүдрийн овоолгоос хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг ашиглан катодын цэвэр зэс үйлдвэрлэх туршилтын үйлдвэр байгуулах гэрээнд гарын үсэг зурсанаар тус компаний эхлэл тавигдсан.

Үйлдвэрийг 1997 оны 01 сарын 17-нд ашиглалтанд оруулсан. ”Эрдмин” гэсэн нэр “Erdenet Minerals Solution” гэсэн үгнээс улбаатай бөгөөд Монгол улсын Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу Улсын бүртгэлтэй, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал балансын бус хүдрийг 40 жилийн турш ашиглах эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Тус үйлдвэрийн дизайн, барилгын зураг төслийг АНУ-ын “ВKS” компани, “Эрдэнэт” үйлдвэрийн зураг төслийн хэлтэс хийсэн бөгөөд барилгын ажлыг Монгол-Оросын хамтарсан барилга угсралтын “Стройинвест” компани гүйцэтгэсэн. 1997 оны 02 сарын 13-нд тус үйлдвэрийг албан ёсоор нээж катодын зэс үйлдвэрлэж эхэлсэн. Үйлдвэрлэж байгаа катодын зэсийн чанарыг олон улсын нэр хүнд бүхий Английн “Alex Stewart Assayers” компани баталгаажуулдаг бөгөөд катодын зэсийн чанар +99,999% -ийн цэвэршилттэй байгаа нь Лондонгийн металлын бирж дээрх “А” зэрэглэлийн чанарын шаардлагыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрлэсэн зэсийнхээ ихэнх хэсгийг Солонгосын “Samsung” корпораци, Японы “Мерубени” корпораци зэрэг байгууллагуудад худалдаж байна. “Эрдмин” үйлдвэрийг тус үйлдвэрийн Захирлуудын зөвлөл удирддаг ба одоогоор тус компанид “Мико Холдинг” ХХК-10%, “Эрдэнэт” УБҮ – 25%, АНУ-ын “RCM”–65%-ийг тус тус эзэмшиж байна. “Эрдмин” үйлдвэр газар, ашигт малтмал ашигласны төлбөрт жил бүр 120 сая гаруй төгрөгийг орон нутгийн төсөвт оруулдаг. Одоогийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэртэй хамтарч өдөрт 25 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг барьж байгуулах Техник эдийн засгийн судалгааг хийж гүйцэтгээд байна.

No comments:

Post a Comment