Friday, March 9, 2007

Хүний бүтээснийг нийгэм нь үнэлдэг байх ёстой

Алаг хорвоогooр бэдрэн яваа бидний монголчууд Ар, Өвөр гэлтгүй хувь тавилангийн зөрөгт, холын Америк орноо ийнхүү уулздаг байжээ. Замын хүний үгийг заавал сонсдог нэгэн монгол ёс бий. “Алтан хундагa”-аар түрлэг хийж, анд нөхдийн сэтгэлийг уудлан хэдэн үг хэлүүллээ.
Цэрэндорж: Өнөөдөр бидний угсаа нэгт Өвөр Mонголын эрдэмтэн 2 залуутай уулзаж ярилцаад сууж байна. Та бүхэн өөрсдийгөө товч танилцуулaхгүй юу?

Макихара: Миний монгол нэр Соёлт, япон нэр маань Макихара. Макихара гэдэг бол тал нутгийн малчин гэсэн утгатай юм. Би өөрөө малчин байсан. Бага байхдаа Өвөр Mонголд соёлын хувьсгалын үеэр хүмүүс яаж тамлагдан зовж явсныг нүдээрээ үзэж ирсэн. “Монголыг монголоор нь” гэж бие биеийг нь зодуулдаг учрaac хүн зодсон хүмүүсийн ихэнх нь монголчууд байдаг байсан. Тиймээс манай ээж монголоо зодсон монголчуудын “махыг нь идэх юмсан” гэж хараадаг, их занадаг байсан. Cүүлд нь хүн зодсон тэдгээр монголчууд зохих хэмжээний шийтгэл хүлээсэн. Өөрсдийн боловсрол, соёл нимгэнээс болоод тийм гэмтэй, хууль бус зүйл хийж байсан. Хувьсгалч, шударга сайн хүн болох гээд цаад учрыг нь олохгүй, муу хүчний эрхэнд өөрсдийн ах дүү, төрөл садан, ойр дотнын хүмүүсээ зодоод cоёл боловсролгүйгээсээ болоод өөрсдийгөө үрж байсан. Цаад талын өдөөсөн бодлогыг нь бид эрэгцүүлэх ёстой. Бид тэр үед ар талын бодлыг нь мэддэггүй байсан, энэ утгаараа хүнд соёл боловсрол хэрэгтэй юм. Би Нацагдорж гуайн “Хуучин хүү” зохиолыг маш олон дахин уншсан. Сургууль байгуулъя, ядахдаа бага сургууль байгуулъя гэж их эртнээс бодож байлаа. 1987 онд Японд ирээд, 1989 онд Японы нэгэн компаниас хөрөнгө мөнгийг нь ивээн тэтгүүлээд, Мацумото гэдэг хүнтэй Япон хэлний сургууль байгуулсан. Байгаль гэдэг хүн хамтарч байгаад, сүүлд нь Өвөр Монголоос 200-гаад оюутан Японд ирүүлж, манай сургуульд суралцуулсан. Энэ бол Өвөр Монголын соёлд миний оруулсан хувь нэмэр.
Баатар: Тэгвэл өөрөө Байгалийг анх Японд авчирсан хүн байна шүү дээ?
Макихара: Тиймээ, би тэр сургуулиа байгуулаад Байгалийг авчирсан. Cургуулиа төгсөөд их сургуульдаа үлдсэн, сурлагын маш өндөр амжилт үзүүлээд багшилж байсан хүмүүсийг би авчирсан. Мэдээж ингэж залуусыг авчраад байхаар манай ах дүү, садан төрлийн хүмүүс надад маш их гомддог. Хүний хүмүүсийг авч яваад, өөрсдийгөө авдаггүй гээд надад гомддог байхгүй юу. Xамгийн гол нь би өөрийн ах дүү садангаас авчирч болно. Авчирсан хойно тэд шаардлага хангадаггүй. Тийм учраас төгсөж ирээд нийгэмдээ ямар үр бүтээл гаргаж чадах вэ гэсэн утгаараа дандаа сургуулийн багш нарыг сургасан. Японд яваад Өвөр Монголд ирсний дараа нь тэднийг бүгдийг нь дуудаж асуусан байсан. Хятадаас Японд явах хүн асар их зоос мөнгө төлдөг юм. Би тэднээс мөнгө аваагүй учраас тэд их гайхаж, миний ард талд намайг хэн дэмждэгийг сонирхож байсан.
Цэрэндорж: Та өөрөө Японд сургуульд ирэхдээ ямар шалгуур давж байв. Тэр үед ямар бэрхшээл саад байв?
Макихара: Японы байгууллагаас Японд суралцуулна гэсэн бичиг авсан. Мөн би япон найз нартай байснаа хүмүүст хэлдэггүй, зөвхөн миний хэдхэн найз л намайг мэддэг байсан. Яагаад гэвэл Хятадын засгийн бодлого маш хатуу байсан.
Цэрэндорж: Сургуульд явахаар урилга, виз авсан уу?
Макихара: Сургуульд явахаар виз авсан.
Цэрэндорж: Японд сургуульд сураад, тэндхийн хүнтэй танилцаж гэр бүл болсон гэсэн. Мөн 1993 онд Ар Монголд сургууль байгуулсан юм байна. Тэгэхэд Монголд байдал ямар байсан, өөрт чинь юу бодогдож байв? Сургууль байгуулахад бэрхшээл их тохиолдов уу?
Баатар (нэмэлт): Яагаад чухам Ар Монголд cургууль байгуулсан юм бэ? Өвөр Монголд байгуулж болоогүй юм уу?
Макихара: Монголд ардчилал анх гарахад би Японд байсан. Тэгээд Японы Гадаад хэргийн яамны орчуулагчаар Монголд ирсэн. Тэр үед шадар сайд Ганболд байсан. Монголын талаар бүрэн дүүрэн ойлголт байгаагүй. Mонголчууд сайхан амьдардаг, халуун дотно хүлээн авна л гэж боддог байсан. Бүх Өвөр Монголчууд миний адил боддог байсан байх. Яагаад гэвэл биднийг хүүхэд байхад Өвөр Монголд “Ар Монголд очвол авгай хүүхэд аваад их сайхан амьдардаг” гэсэн нэг домог яриа байсан. Ингээд би Монголд анх удаа япончуудтай хамт очсон. Японы Засгийн газрын шугамаар явсан болохоор маш хүндтэй хүлээж авсан. Хамгийн сайхан санагдсан зүйл гэвэл жолооч нь монгол хүн, тэгээд нуух юу байх вэ сайхан монголоор яриад л чихэнд сонсголонтой, жолооч монголоор сайн байна уу гээд монголоор ярих онцгой сайхан байсан. Хятадад бол жолооч нь дандаа л хятад байна шүү дээ. Тэгээд эхний өдөр ажил алба гээд гадуур гарах зав олдоогүй. Харин дараа өдрийн өглөө эрт босоод автобусанд суугаад явсан, хаа хүрсэн, ямар автобусанд сууснаа одоо хүртэл санахгүй байна. Зүгээр л автобусанд суугаад хүмүүс монголоор ярихыг сонсоод нэг бүтэн тойрч явсан. Энэ бол 90 оны өвөл 1 сард болсон явдал.
Цэрэндорж: Японы ямар төлөөлөгчид байв?
Макихара: Гадаад яамны хүмүүс, бизнесийн эзэд, Тоёото машины үйлдвэрийн хүмүүс явж байсан.
Баатар: Хүмүүс монголоор ярьж байсан гэж байна шүү дээ. Тэгэхээр монголоор ярих чихэнд чинь хоногшоогүй байсан гэсэн үг үү?
Макихара: Автобусанд энгийн хүмүүс хоорондоо монголоор ярихаар монгол хэл чинь мөхөөгүй, амьд байгаа юм байна гэж бодохоор сайхан байсан. Бид чинь Хөх хотод автобусаар явахад дандаа хятадаар ярьдаг шүү дээ. Тийм болохоор автобусны жолооч, хураамж авагч, зорчин хэрэгчид бүгдээрээ монгол байсан болохоор ёстой нөгөө цус хөөрөх шиг болсон.
Цэрэндорж: Тэгээд монголд удсан уу?
Макихара: Ердөө 5 хоноод буцсан.
Баатар: Ямар сэтгэгдэлтэй буцсан бэ?
Макихара: Маш өндөр сэтгэгдэлтэй буцсан. Дараа нь Тоёотогийн үйлдвэрийн хүмүүстэй орчуулагчаар ирсэн. Японы уруулын будгийн үйлдвэрт хонины ноосны зунгаг хэрэгтэй болоод Монголоос ноос авч цэвэрлэн, тосоор нь уруулын будаг хийх судалгаа хийж байсан юм.
Цэрэндорж: Хэдийнээс Монголд сургууль байгуулах санаа төрсөн бэ?
Макихара: “Монголд юм хийхгүй бол болохгүй” гэсэн санаа ардчилал эхлээд юм сайхан чөлөөтэй болоод ирсэн тэр үеэс бодогдсон юм. Энэ тухай миний бичсэн тэмдэглэл бий. Улаанбаатар бол монголчуудын түүх соёлын өв байх ёстой. Тэгээд монгол хүчтэй байх юм бол Өвөр Монголоо татаад аваад явна гэсэн бодолтой. Анх би Өвөр Монголд сургууль байгуулах гэж байсан юм. Тэгвэл хөрөнгө мөнгө төдийлэн их шаардахгүй байсан юм. Гэхдээ би Монголд байгуулсан. Энэ тухай хятадуудад шууд хэлж боломгүй, хэлэх арга хэлбэр өөр. Тэгээд Өвөр Mонголд монгол сургууль байгуулья, энд хятад, төвд, тангад ямар ч хүүхэд сурч болно. Гагцхүү конкурсийг монголоор өгнө, бүх хичээлийг монголоор заана гэсэн байр суурийг би баримталсан. Гэтэл Өвөр Монголын боловсролын газраас хичээлийг 50 хувь монгол, 50 хувь хятад хэлээр заах, мөн монгол хятад хүүхдүүдийг хамт сургах заавар өгсөн. Би үүнд дүргүй байсан.
Баатар: Xэрвээ Өвөр Монголд сургууль байгуулж болохгүй бол хэрхэн ажиллах талаар ямар бодолтой байсан бэ?
Макихара: Би бас Улаан-Үдэд япончуудтай хамт очиж байсан. 1991 онд Улаан-Үдэд Буриадын боловсролын сайд Намсраев гуайтай уулзаж, тэндхийн сургуулиудад япон хэл заах багш нарыг үнэгүй байраар хангаж, цалин өгье гэж тохирсон.
Цэрэндорж: Улаан-Үдэд Японоос Монгол руу орчуулга хийж байв уу?
Макихара: Үгүй, японоос монголоор дамжиж, орос руу давхар орчуулга хийж ойлголцож байсан. Ингээд Улаан-Үдэд сургууль байгуулахаар болов. Намсраев сайд их дэмжиж байсан. Энэ дагуу боловсролын газрын дарга Манжиев гуайг Японд урьсан. Эм болон ачаа зөөдөг тэргэнцэр Японд хийлгэх, Улаан-Үдэд сургууль байгуулахaaр харилцан тохиролцоо хийсэн. Манжиев гуай 1992 оны 9 сард Японд ирэх ёстой байтал ирээгүй. Ингээд Улаан-Үдэд сургууль байгуулах яриа маань бүтэлгүй болсон. Тэгээд бид нийт монголчуудын голомт болсон Ар Монголд ирж сургууль байгуулахаар Боловсролын сайд Өлзийхутаг гуайтай уулзаж, сургууль байгуулъя гэсэн чинь Улаанбаатараас 70 км хол орос цэргийн үлдээсэн газрыг зааж өгсөн. Тэр үед манай дарга Yнo Шиёо гэдэг япон хүн уурлаад, юу ярьж байгаа юм гээд Япон руу буцсан.
Цэрэндорж: Yнo Шиёо гуай ямар алба хаадаг хүн байсан бэ?
Макихара: Японы Боловсролын яамны дэргэд Хүүхэд багачуудын боловсролын төв гэж байдаг. Тэндэхийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн хүн байсан. Тэр хүн Монголд 5 хоногийн томилолттой ирсэн боловч, зорьсон хэрэг маань бүтээгүй болохоор 2 хоноод Япон руу буцсан. Бид явах онгоцоо хүлээлгүй вагоноор буцаж байсан. Тэгээд би Байгальд энэ тухай хэлсэн. Монгол хүний хэлж байгааг шууд япон хүнд шууд хэлж болдоггүй. Иймээс бид сайн ойлголцоогүй юм. Ингээд би 1993 онд эргээд Монголд ирсэн. Яг сургууль байгуулах гэтэл авилгын асуудалтай тулгарсан. Гэхдээ яг авилга гэж хэлэхгүй л дээ. Зүгээр бичиг баримт чинь бүтэхгүй, болоогүй байна гээд дахин дахин явуулаад, удаашруулаад байдаг. Тухайн үед тийм л байсан юм. Манай дарга тэгэхэд гайхаж байсан, чи Монголд сургууль байгуулах гэж байж яагаад авилга өгч байгаа юм бэ гэж. Тэгэхэд нь би хэлсэн, за би Хятад, Буриадад сургууль байгуулах гээд чадаагүй тул авилга өгсөн ч монголчууддаа өгье, xятадуудад ч гэсэн тухайн үед бага сага авилга өгдөг тийм юм байcан. Гэвч тухайн үед тэдэнд би авилга өгөх шаардлага гараагүй. За тэгээд Mонголд өнөөдөр айл, хүний амьдралын түвшин ямар байгаа билээ, авилга өгсөн ч би монголдоо өгье гэж хэлдэг байсан. Одоо манай дарга хааяа тоглоомоор хэлдэг байхгүй юу. Чиний авилга чинь хэрээс хэтэрсэн биш үү гэж. За ингээд сургууль байгуулах ажлаа эхэлж байсан даа.
Цэрэндорж: Сургууль байгуулах таны санаа байсан байна. Тэгэхээр япончууд таныг дэмжээд хөрөнгө мөнгийг нь гаргасан байна уу?
Макихара: Японы талаас маш их дэмжиж, бүх мөнгө төгрөгийг би өөрөө хариуцаж байсан. Жишээлбэл, Японы тал бидний сурах бичгийг контейнерээр үнэ төлбөргүй зардлыг нь даагаад ирүүлж байсан. Тэгээд манай дарга чамайг үндэстнийхээ төлөө юм хийж байгаа учраас бид дэмжиж байна. Харин чи эхэлсэн ажлаа гүйцээ, бид чиний цалинг таслахгүй өгье гэж байсан. Энэ бол их том дэмжлэг бoлcoн.
Баатар: Тэр чинь Японы Соёлын яамны гол бодлого мөн үү?
Макихара: Япон хэдийгээр зах зээлийн орон боловч, соёл боловсролыг их дэмжиж, намайг Монгол дахь ажлаа бүтэлтэй сайн хийж дуусга, битгий наашаа яарч ирээрэй гэж цалин мөнгийг тасралтгүй өгч байсан нь маш том дэмжлэг.
Баатар: За тэгээд сургууль байгуулах эрхээ авчээ. Яг өөрөө орж ирэхэд байр савнаас эхлээд хөөцөлдөх юм их байв уу. Энэ бүгдийг яаж амжуулсан бэ?
Макихара: Эхлээд бид намын сургуультай гэрээ хийж, тэр байрны засварыг хийнэ гэж. Гэтэл яг ажил эхэлтэл та нар чинь 100% гадаадын хөрөнгө оруулалттай компани байна гээд түрээсийнхээ үнийг нэмсэн. Хэрэв үнэтэй гэж байгаа бол өөр газар ол гэсэн. Тэгээд яахав, тухайн үед бид ярьж хөөрөөд үнээ нэмсэн. Хэрэв энэ бүгдийг Японы талд хэлэх бол бол тэд ойлгохгүй, шууд татгалзаж болох байсан. Японд гэрээ бол гэрээ, түүнийгээ зөрчвөл шууд хүчингүй болно. Тийм учраас би япончуудтай ярилгүй, энэ бүгдийг зохицуулах шаардлага гарсан.
Баатар: Тэр үед та Японы иргэн байсан уу, аль эсвэл...
Макихара: Арай болоогүй байсан. За тэгээд тэндээсээ гараад Барилгын Цэргийн Удирдах газарт нүүж ирсэн. Тухайн үед 4 давхрын 2 давхар нь айхтар муудсан байв. Та нар сургууль байгуулах гэж байгаа бол бид дэмжинэ гээд 5 жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Тэгээд тухайн үеийн ханшаар 6 сая төгрөгийн засвар хийсэн. Гэтэл засварын дараа гэрээ маань нэг жилийн хүчинтэй болсон. Яагаад гэвэл бид та нарыг Mонголын компани гэж гэрээ хийсэн, гэтэл Японтой хамтарсан юм байна, үнээ нэмлээ гэсэн. Тэгэхэд нь би хэлсэн, таныг 5 жил хөдлөхгүй гэхээр чинь би гэрээ байгуулсан, одоо мөнгөө буцааж авъя даа гэсэн. Гэтэл мөнгө байхгүй, өөр газар олж ор гэсэн.
Цэрэндорж: Mаш олон хүндрэл бэрхшээл учирсан байж таарна. Зах зухаас нь бид гадарлаж байна. 1993 оноос хойш 12, 13 жил болжээ. Одоо танай сургууль ямар түвшинд хүрсэн бэ?
Макихара: “Yнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэдэг шүү дээ. Залуу ч байсан, зоригтой ч байсан. “Өнөөдөр би ингэж яваа ч хожим заавал болно” гэж боддог байв. Ингээд өнөөдөр манай сургуулийг хүмүүс мэддэг болсон. Хүүхдүүдээ ч өгдөг болсон. Одоо зарим хувийн сургууль конкурс авахгүй элсүүлнэ гэж байхад бид 5 хүүхдээс 1-ийг нь шалгаруулж авдаг. Манай сургуульд жил бүр 500 гаруй хүүхэд конкурс өгдөг. Тэгээд 100 хүүхдийн элсэлт авч байна. Манай сургууль төгссөн оюутнуудаас 80-аад нь Японд 3 жилийн гэрээгээр ажил хийхээр явсан. Тэр ажлыг би олж зуучилж өгдөг. Японы талаас визийг нь гаргуулдаг.
Баатар: Энэ 10-аад жилд танай сургуулийг хичнээн оюутан ямар мэргэжлээр төгссөн бэ?
Макихара: Япон хэлний багш орчуулагч, олон улсын сэтгүүлч, олон улсын эдийн засагч. Урьд жилээс эхлэн аялал жуулчлал, компьютерийн ангитай болсон. Одоо 80-аад оюутны 30% нь компьютерийн чиглэлээр сурдаг. Манай оюутнууд Улаанбаатарт компьютерийн компани байгуулсан. Японд тэд Тоёото, Мицубиши, Хонда, Ниссан зэрэг машины үйлдвэрт хурдны хайрцаг угсарч байна. Японд 3 жил дадлага хийгээд Монголдоо ирсэн оюутнууд компани байгуулан ажиллаж байна. Эхний явсан хүүхдүүд ноднин ирсэн, одоо 20-иод хүүхэд Японд компьютерийн чиглэлээр ажиллаж байна.
Баатар: Тэд ямар нэртэй компани байгуулсан бэ?
Макихара: Бьютик Монгол гэдэг компани.
Баатар: Одоогоор танай сургуулийг нийт хэдэн оюутан төгсөөд байна?
Макихара: Суралцах явцдаа хангалтгүй дүн үзүүлсэн хүүхдийг сургуулиас хасдаг. Анхны элсэлтээс сургууль төгсөх хүртэл 4 жилийн хугацаанд 17-18 хүүхэд сурлагаар хасагддаг, мөн хориод хүүхэд сургууль шилжих, ажил хийх, хүүхэд гаргах зэргээр явдаг. Нийт 5 төгсөлт хийсэн. Энэ жил 6 дахь төгсөлтөө хийнэ. Манай сургуулийг хэдэн зуун хүүхэд төгссөн. Одоо жил бүр 70-аад хүүхэд төгсөж байна.
Цэрэндорж: Танайх өөрийн сургуулийн байртай болсон уу?
Макихара: 1995 онд хөөцөлдөж байгаад газар аваад Японы талаас төсөв олсон. Энэ нь зөвхөн сургуулийн байр байгуулах зориулалттай, 350 саяын хөрөнгө оруулалт, гэхдээ үүнийг буцалтгүй тусламж гэж надад олж өгсөн. Xөөцөлдсөөр байгаад эхний удаа байшингаа барьж амжилгүй хугацаа нь хэтэрчихээд 2 дахь удаагаа дарга дээрээ ороход манай дарга одоо дахиж ингэж болохгүй шүү гэж хэлж байсан. Ингээд зөвшөөрлөө аваад Энхболд дарга дээр ороод гүйцэтгэгчтэй гэрээгээ хийчхээд байж байтал Галсанпунцаг гэдэг хүн хажуугаас ороод газрыг маань булаагаад авчихсан. Тэгээд ном ёсоор нь явах гэхээр болохгүй байлаа. Тэгээд би бодлоо, би монгол хүүхдүүдийг сурах нөхцөлөөр нь хангаад өөрөө бүх хөрөнгөө гаргаж байгаа, хэрвээ би Монголын засгийн газраас мөнгө авъя гэсэн бол улс орон маань ядуу байгаа, мөнгө байхгүй гэх байсан. Би баар байгуулъя гэсэн бол зөвшөөрөхгүй байж болно, гэтэл сургууль байгуулъя гэхээр хүлээж авахгүй байна гэдэг дэндүү ойлгомжгүй зүйл байлаа. Ингээд 5, 6 сарын дараа газрын асуудлыг хүчингүй болгосон. Би зөвхөн гүйцэтгэгчийн зураг төсөл хийхэд 7 саяыг зарцуулсан, барилга зургийн институтэд 15%-ийг өгөөд нийт өчнөөн саяын алдагдалд орсон байлаа. Хэрэв Японд ийм явдал болсон бол хуулиар ярина. Би ч мөн хуулиар зарцуулсан мөнгөө олж авах ёстой байсан. Гэвч би Монголд хуулиар яваад мөнгөө олж авч чаддаггүйг ойлгож байсаан. Хэрэв би шүүгчид мөнгө юм уу хахууль өгөх юм бол бүүр илүү ихийг алдах байсан тул би шүүхээр яваагүй.
Цэрэндорж: Сургуулиа байгуулсан уу? Одоо байраа барьсан уу, ямар байранд байна?
Макихара: Одоо дүнзэн байшинд байгаа, хуучин пийшинд түлш түлдэг байсан, зуухаа засуулсан. Түүнийхээ хажууд байшин барих гэсэн юм. Ингээд нөгөө байшин барих талаарх асуудлаа эргээд хөөцөлдөхөөр шийдэж Энхболд даргад нарийн бичгээр нь дамжуулж өөрийнхөө байдлыг танилцуулсан.
Цэрэндорж: Танай багш нар Япон хүмүүс байдаг уу, монголчууд багшилдаг уу, оюутны төлбөр ямар байдаг вэ?
Макихара: Жилдээ 360.000 төгрөг. Найман япон багш байгаа, тэд нар монголчуудад тусалъя гэсэн сайхан сэтгэлээр сайн дураар ирдэг. Япон багш нарт монгол багш нараас арай илүү цалин өгөөд байраар хангаж өгдөг. Мэдээж, гадаадын иргэн суух байр гэхээр дор хаяад 150-250 мянга шүү дээ. Түүнчлэн япон багш нар зардал ихтэй, яагаад монгол багш нараар багшлуулж болдоггүй юм бэ гэцгээдэг. Гэтэл би хүүхдүүдээс мөнгийг нь авчихаад сургасан шиг сургая, хариуцлагатай байя гэсэндээ япон багш нар авдаг.
Баатар: Хэдэн монгол багш байдаг вэ, цалингийн хувьд бусад их дээд сургуулиудтай харьцуулахад ямар байдаг вэ?
Макихара: Залуу багш нарын цалин 150,000 байгаа нь тийм ч өндөр биш л дээ. Япон багш нарын цалин 250,000 төгрөг. Ер нь 150.000-250.000 хооронд хэлбэлздэг. Нийт 40 багштайгаас 8 нь япон, 32 монгол багш байгаа.
Баатар: Тэгвэл Mонголын 32 багшийг тэжээж, ажлын байрыг 32-оор нэмж байна гэсэн үг дээ.
Макихара: Манаач, жижүүр гээд 40-өөд хүн ажлын байртай болсоноос гадна дээр нь монгол хүүхдүүдийн ирээдүй, тархи толгойд юм хийж өгч байна шүү дээ. Хүний тархинд байгаа зүйлийг ямар ч хүн булааж авч чадахгүй, тэдгээр хүүхдүүд мэдлэг эзэмших нь хэнд ашигтай вэ гэвэл Mонгол орон, монголчуудад л ашигтай.
Баатар: Танай сургуульд зөвхөн монгол хүүхдүүд байдаг уу?
Макихара: Манай сургуульд Өвөр Mонгол, Хөхнуураас 6, Буриадаас 2 хүүхэд төгссөн одоо 2 байгаа, Тувагаас 1 хүүхэд төгссөн, Бээжингээс 2, Дээд Mонголоос 4 хүүхэд тус тус байна.
Баатар: Тэгвэл гадаад оюутнууд 10% хүрэхгүй байна шүү дээ.
Цэрэндорж: Эдгээр хүүхдүүдийн сургалтын төлбөр өөр үү, эсвэл адил жишгээр үү?
Макихара: Монголын Боловсролын яамнаас гадаад оюутны төлбөр 2000 ам.доллар гэсэн заалт бий. Гэвч би тэдгээр хүүхдүүдийн амьдралын боломжийг мэддэг учраас тийм их мөнгө авдаггүй. Өвөр Mонголд нэг айл хүүхдэдээ сургалтын төлбөрт 2000 ам.доллар өгнө гэвэл бүх хөрөнгөө шавхаж байж гүйцээнэ. Буриад, өвөр монгол, тувачууд салъя гэж салаагүй, түүхийн хувьд л ийм болохоос адилхан монголчууд, тийм болохоор би монгол хүүхдүүдтэй адил жишгээр төлбөр авдаг. Харин Японоос ирсэн хүүхдүүдээс 2000 ам.доллар авдаг. Японы амьдралын түвшин, тэндэхийн нэг жилийн сургалтын төлбөр ямар байдаг билээ. Японы талаас сургалтын төлбөрийн жишиг харилцан адилгүй байгаа талаар асуудаг. Би тэд нарт зөвөөр ойлгох талаас нь тайлбарладаг, тэд чинь адилхан монгол хүүхдүүд шүү, хэрэв би дотуур байртай байсан бол тэд нарыг үнэ төлбөргүй авна гэж хэлдэг.
Баатар: Энд нэг асуух юм байна. Өөрөө ингээд сургууль байгуулаад арван хэдэн жил явж байхад өөрийг чинь япон гэх юм уу, эсвэл энэ нэг өвөрмонгол ч гэх юм уу, аль эсвэл бидний алтан ургийн хэлхээ, алаг махны тасархай монгол нөхөр минь гэж хүлээж авах юм уу ? Энэ 3-ын аль нь илүү мэдрэгддэг вэ?
Макихара: Япон гэсэн утгаар нь хүлээж авч байна. Би бас заримдаа эмзэглэдэг юм. Өвөр Mонголын залуучуудыг бүгдийг нь сайн гэж би хэлж чадахгүй, гэхдээ сайн ч бай, муу ч бай өвөр монгол гэж хэлэхээ нуудаг.
Баатар: Тэгэхээр хятад гэж хэлэх үү?
Макихара: Хэн ч гэж хэлэхээ дотроо нуудаг. Зарим хүмүүс надад тэгж хэлдэг. Өвөр монгол гэж хэлэхээс шууд хятад гэж хэлэх нь амар байдаг гэж. Ийм уудам тал нутгийн хүмүүс бид тийм давчуухан бодож болохгүй гэж би боддог юм. Дайснаа бид нөхрөө болгох ёстой. Нөхрөө бид дайснаа болгоод байвал улам хүч муу болно. Тэгвэл хэн баярлана, том гүрэн Хятад баярлана, Орос баярлана. Түүхийн гашуун сургамж амссан улс шүү, бид. Өнөөдөр сурч боловсорч, сэрж мэдрэх цаг үе ирсэн байна шүү. Бид хоорондоо чи дайсан, би нөхөр гэж маргалдах хэрэггүй, эвтэй найртай байх хэрэгтэй. Энэ утгаараа би Төв аймгийн 27 сумдад сургууль завсардсан хүүхдүүдэд ном сурах бичиг, хичээлийн хэрэгсэл тарааж, багш нарыг нь цалинжуулаад зарим ядуу өрхөд хувцас тарааж өгсөн. Төв аймагт 1997 онд сургуульд орох ёстой 23,000 хүүхдээс 7,000 нь завсардсан байснаас бид 1,400-аад хүүхэд хамруулж энэ буяны ажлыг хийсэн юм. Мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо, Улаанцав сумдад тухайн үед боловсролын газрын дарга байсан Бадарч гэдэг хүнтэй хамт 2 жил ийм ажил хийсэн.
Баатар: Өөрийг чинь тэгээд сумдад бичиг үсэгт тайлагдаагүй хүүхдүүдэд тусалж явахад Соёлын яам яаж хүлээж авч байв. Хүүхдүүд нь бичиг үсэг сурсны дараа эцэг эхчүүд яаж хүлээж авав?
Макихара: Үнэнийг хэлэхэд Соёлын яам тийм өндөр хүлээж авч байсангүй. Говь-Алтай аймгийн Тонхил суманд мөн тийм ажлаар явж байхад хуучин хотын боловсролын хэлтсийн дарга байсан Батмагнай гуай маш их дэмжиж, их сайхан ханддаг байсан. Тэр хүний бүрэн дэмжлэгтэйгээр бид Төв аймагт сургалтаа 10 жил үргэлжлүүлж чадсан юм. Батмагнай гуай бол үнэхээр Mонголын төр нийгмийн төлөө сэтгэлтэй хүн байсан юм. Бид түүнд их баярлаж талархаж явдгаа хэлдэг байсан. Ингээд бид 2003 онд Боловсролын яаман дээр Төв аймгийн бүх сумдад ажилласан 10 жилийнхээ тайланг тавьсан. 100 гаруй багш ажилтнууд, 10,000 гаруй хүүхэд хамрагдсан. Хөдөөний хүмүүс бол маш их өндөр хүлээж авдаг. Хаана ч очсон биднийг нэрээр минь мэддэг таньдаг, халуун дотно уулздаг. Зөвхөн нэг жишээ гэхэд, уржнан жил би цагаан сараар Төв аймгийн Бүрэн сумд арваад япон хүмүүстэй очиж малчин айлуудаар морь унаж явсан юм. Тэгэхэд айлууд морь малаа бэлэглэн, мөнгөн аягатай сүү, хадагтай өгч байсан. Япончууд маш их гайхаж байсан. 7, 8 жилийн өмнө хүүхдэдээ бичиг үсэг заалгуулж байсан хүн ачийг нь бодож байна хэмээн хүүхдээ авчран уулзуулж байсан нь үнэхээр сэтгэл хөдөлмөөр.
Цэрэндорж: За өөрөө өчнөөн олон жилийн уйгагүй хөдөлмөрөөрөө, монголоо гэсэн сэтгэлээрээ, өөрийн гэсэн зүйлээ босгоод авчээ. Одоо цаашдаа ямар бодолтой, хүсэлтэй байна вэ?
Макихара: Эхний үед их бэрхшээлтэй байсаан. Одоо бол олон мянган монголчууд ойлгодог болсон. Одоо намайг ойлгож миний ажлыг дэмждэг найз нөхөд олон болжээ. Хэдийгээр би Японд амьдардаг боловч энэ сургууль маань улам сайхан байгаасай, нийт олон монголчуудынхаа бие биеэ зөв ойлгодог гүүр байгаасай, хамгийн гол нь монголчууд маань мэдлэг боловсролтой болоход нь бэлэг болог, тэгээд таран суугаа монголчуудаа нэгтгэн хүчтэй байгаасай, тэгвэл харь гүрний доор орохгүй явна гэсэн итгэлтэй байна.
Баатар: 10 жилд байхaд Хятад гэхээр дайсан, Өвөр Mонгол гэхээр тагнуул гэж ойлгодог байсан. Би хэзээ ч өвөрмонгол хүнтэй уулзаад юм ярих байтугай, нүүр царайг нь ч мэдэхгүй, надтай адилхан монгол хүн байдаг юм уу, хятад шиг хүн байдаг юм уу мэддэггүй байсан. Би одоогоос 20-иод жилийн өмнөх юм ярьж байна. Гэтэл би Японд яваад 6, 7 жил болоод, олон өвөрмонгол найзтай, зах зухаасаа бүр хонуут өнжүүт сайн найзууд боллoо. Тэгэхээр би гайхаад байгаа юм, цаг хугацаа өөрчлөгдөж байгаагийн шинж байх.
Макихара: Би сургууль байгууллаа. Үүнийг байгуулж байхад засаг төрөөс бодитой хийсэн юм юу байна. Би байшин барих гээд зөндөөн гүйсэн. Тэгэхэд авилгагүйгээр бүтэх юм ер байгаагүй. Энэ бол Mонголын эмгэнэл, надад маш харамсалтай санагддаг. Энэ л Mонголын хөгжилд маш их садаа болж байна. Монголын ард түмэн үүн дээр сэрж мэдэрч амьдрах ёстой. Хүний хийж бүтээж байгааг ойлгодоггүй, худлаа гүтгэдэг нь олон бий. Үүнийг ялгаж, салгадаг боловсрол мэдлэгтэй болоосой.
Цэрэндорж: Та нутгаасаа гараад их уджээ. Тэгээд бас өөр нэг улсын иргэн болжээ. Мөн Ар Монголд ажил төрөл хийгээд, бүтээн босгоод явж байна. Гэсэн хэдий ч унасан нутаг, угаасан ус гэж байдаг. Тө өсөж төрсөн нутагтаа цаашдаа юм хийх бодол байна уу?
Макихара: Шилийн гол аймагт жуулчны бааз байгуулсан. Нутгийн ардуудыг ажилтай болгох гэж их том бааз байгуулсан. Харамсалтай нь би тэнд биеэрээ байж чадахгүй юм. Манай Өвөр Mонголд нэг ийм дуу байдаг. “Унасан шороо бол алтнаас үнэтэй, төрсөн нутгаа бүү март, төрөл саднаа битгий гомдоо” гэсэн үгтэй. Би мэдээж, нутагтаа ямар нэг юм бүтээх бодол байгаа л даа. Гэхдээ зүг зүг тийшээ сарниж болохгүй. Би хамгийн нэгдүгээрт Монголд байгуулсан сургуулийнхаа байрыг улам сайжруулах хэрэгтэй байна. Түүнийг хөл дээр нь тогтсоны дараа өөр ажлуудаа үргэлжлүүлэх бодолтой.
Цэрэндорж: Та Японд иргэн нь болоод амьдарч байна. Нэлээд хэдэн жил болсон байх. Та япончуудтай анх харилцахад таныг монгол хүн гэсэн байдлаар хүлээж авсан уу, эсвэл их гүрэн Хятадаас ирсэн хүн гэж хүлээж авсан уу?
Макихара: Япон бол Монголыг Ар, Өвөр гэж ялгадаггүй. Бүх Монголыг нэгдмэл нэг ойлголтоор их өндөр хүлээж авдаг. Тэр утгаараа бас би өөрийнхөө нэр хүндийг болоод хүний итгэлийг алдаж болохгүй гэж их хичээсэн. Хэрэв би буруу, зөрүү хэлэх юм уу, хийвэл бүх Mонголын нэр хүндийг авч яваа юм байна, иймээс ёс алдаж болохгүй гэж явдаг. Хамгийн гол нь Японд ажил бизнес бүтээхэд хамгийн сайхан байдаг. Яагаад гэвэл, Японд бүх юм дүрэм журмаараа хуулийн дагуу явагддаг. Ингэхээр хуулийн дагуу л явах юм бол ямар ч юманд сэтгэл зовох юмгүй. Хүний бүтээснийг нийгэм нь үнэлдэг, тусгай дарга ноёдоор үнэлүүлдэггүй. Би Xятад, Mонгол, Японд бүгдэд нь жуулчны бааз ажиллуулж байсан. Японд би хагас жил ажиллахад миний ажлыг япончууд хийж өгдөг, итгэлтэй айх юм байхгүй.
Лувсанжамбаа: Та хоёр Ар, Өвөр Монголын байдлыг явж үзсэн улс. Mанай хилийн өмнөх ахан дүүст бидний тухай мэдээлэл хэр бодитой байна? Xаана хаанаа дорвитой идэвх санаачлага гаргахгүй байх шиг санагдах юм, эсвэл энд гаднын нөлөө, бусдын бодлого байна уу? Aр, Өвөр болоод бусад монгол туургатны дунд бие биенээ үл хүндэтгэх, үл итгэх байдал байна уу?
Макихара: Ар Монголын Ховдоос бусад аймгуудаар явж үзлээ. Өвөр Монголын хөдөө аймгуудад манай монголчуудын амьдрал танай хөдөөтэй яг адил байна. Жишээлбэл, соёлын хувьсгалын дараа монголчууд уламжлалт зан заншлаа сэргээж, гал тахих хүүхдийн үс үргээх ёс сэргэсэн боловч залуучууд ёс заншлаа төдийлэн сайн мэдэхгүй байна. Энэ байдал Ар Монголд мөн адил байгаа гэж бодож байна. Тэгэхээр энэ байдлыг сайн сурталчлан таниулбал хилийн өмнө, хойно байгаа монголчууд биеcээ ойлгож, хүндлэхээс гадна нийт монголчууд уламжлалаа сэргээхэд тустaй үйл болох байх. Гэхдээ энэ талаар чөлөөтэй таниулга хийхэд мөнгө санхүүгээс илүү улс төрийн учир шалтгаан байж болох талтай. Жишээлбэл, намайг бага байхад малчин айлын хүүхдүүд хээр хөдөө явж байхдаа туулайн баасыг тамхи болгон унгатгаж татдаг байсан. Гэтэл монгол хүүхдүүд одоо хүртэл бас тэгж татдаг гэж сонссон. [“Би хүртэл татаж үзсэн” хэмээн Баатар батлав]
Лувсанжамбаа: За тэгвэл яваад үзэхээр ахуй соёл адилхан гэж байна. Эл байдлыг яагаад бие биендээ чөлөөтэй сурталчлан таниулахгүй байна?
Макихара: Хятад бол нийт үндэстнээ хамгаалсан, тэднийг нэгтгэсэн маш хүчтэй бодлого явуулдаг улс. Харин монголчууд бидэнд хятадуудтай адилхан нийт үндэстнийхээ төлөө гэсэн нэгдсэн бодлого дутагдаж байна. Тэгэхээр том гүрний бодлогоос бид сурах юм их байна.
Баатар: Mиний бие нутгаасаа гараад гадаадад нэлээд хэдэн жил сурч, ажиллаж явахдаа монгол угсааны олон хүмүүстэй уулзаж, зүрх сэтгэлийг нь сонсож явлаа. Биднийг нэгтгэж буй хэл соёл, зан заншил байна. Гэхдээ энэ бүгд манай улсын төрийн гадаад бодлогод нэг л харагдахгүй байна. Бид Казакстаны жишээг харж байна. Зардыхан гуай ардчилалын үед Монгол төрийн төлөө зүтгэж байсан, одоо эргээд үндэс угсаагаа барааджээ. Үүнийг хэн буруутгах юм бэ? Монгол хүмүүст ийм сэтгэл байна уу, монголчуудын цагаан сарыг дэлхийн олон оронд тэмдэглэдэг болж байна. Гэтэл Монгол туургатан бүгдээрээ хамтраад үндэсний баяраа тэмдэглэж чадаж байна уу? Жишээлбэл, Японд байгаа монголчууд ямар байна?
Күрэбитo: Энэ тухай би олон хүнээс үг сонсож байсан. Ар Монголд цагаан сараа яаж тэмдэглэхийг манай Өвөр Монголчууд их сонирхдог шүү. Энэ тухай Монголын 25 дугаар телевизээр нэг өвөр монгол өвгөн саналаа ярьж байхыг үзсэн.
Макихара: Хятадын төр засгаас Тайван, Хонг Конг, Макао болоод дэлхийн олон оронд байгаа хятадуудад шинэ жилийн мэнд хүргэж, үндэсний баяраа өргөн тэмдэглэхийг уриалдаг. Японы монголчууд биеэ биенээ мэддэг, үндэсний баяр наадмаа хамтран тэмдэглэж байгаа. Энд Ар, Өвөр гэсэн ялгаа нэг их байхгүй. Манай сургуулийн Японд сурч байгаа оюутнууд энэ ажилд идэвхтэй оролцдог.
Төмөрсүх: Би Хятадын баруун хойд нутаг Шинжаан Уйгар, Ил Тарвагатайгаас авахуулаад монголчуудын амьдардаг нутгаар дамжин Хайлаар, Харбин хүртэл явж үзсэний хувьд хувийн бодлоо хуваалцъя. Ингэж явахад малчин орны хүмүүс нь Хятад улсын харъяалалтай болохоос монгол ахуйгаа, хуучин монгол заншлаа яг хэвээр нь гайхамшигтай хадгалж үлдсэн улс. Гэхдээ тэдэнд өнөөгийн Монгол орны тухай мэдээлэл их дутмаг. Тэд Монголын өөрчлөлт шинэчлэлийг ойлгох гэсэн, заримдаа санаа зовсон байдалтай асууж сураглаж байдаг. Mанай Монгол улсaд энэ байдлыг хүн бүр мэдэхгүй, өвөрлөгчдийг бараг монголоороо ярьдаггүй, хятадын хэл соёлд ууссан мэт ойлголт түгээмэл байдаг.
Макихара: Манай хөдөө аймгуудад зурагт телевиз үздэг айл ховор байна. Харин Монгол улсад “Одон” телевизийг үзэж байгаа. Зарим талаар хуучин зан заншил Өвөр Монголд илүү хадгалагдан үлдсэн байдаг. Харин энэ байдал яаж өөрчлөгдөх бол гэдэгт хүмүүс их санаа зовж байна. Өөрчлөлт их хурдан явагдаж байгаа. Энэ байдал Хятад улсын дотоодод 1980-аад оны эхэн үеэр гарсан нэгэн өөрчлөлтийн бодлоготой холбоотой юм. Түүнээс өмнө үндэстний цөөнхийн хэл соёлыг хамгаалах үүднээс хан үндэстнийг хязгаартай оруулж байсан. Одоо бол чөлөөтэй болсон, өвөр монгол залуучууд ч дуртай газраа явж ажил төрөл эрхлэх болсон.
Күрэбитo: Манай Өвөр Mонголд хотжих явдал их хурдан байна. Газар нутгаараа хамгийн том Алшаа, хоёрт Хөлөнбуйр, гуравт Шилийн гол аймаг орж байна. Гэтэл тэндхийн хүмүүс хот руу их нүүж, бүгд моторт унаатай болсноор морь бараг унахгүй, адууг хүнсэнд их хэрэглэж байна.
Төмөрсүх: Жишээлбэл, дуучин Тэнгэрийн тухай энд ярьж болно. Манай монголчууд түүнийг хятадаар дуулахаар “Энэ Монгол хүн үү, эсвэл хятад юм уу” гэж хүртэл асуудаг. Үүнийг та нөхөд юу гэж тайлбарлах вэ?
Маки
хара: Тэнгэр бол монгол хүн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Гэхдээ энд хоёр юмыг зөвөөр ойлгох хэрэгтэй. Тэрээр Хятад улсад хөгжмийн боловсрол эзэмшээд, монгол хүний хувьд хятад даяар дуугаа дуулж, үгээ хэлж байна. Түүний дуунд монгол ухаан, ахуй их байдаг юм. Хэрэв түүнийг Хятадaд монголоор дуулбал хэн ч ойлгохгүй шүү дээ, тэгж байж бас зах зээлээ олж байна.
Цэрэндорж: Өвөр Mонголд хүмүүс санал бодлоо хэр чөлөөтэй илэрхийлж байна. Yзэл бодлоо хэллээ гэхэд тэдэнд ямар нэгэн хавчилт хаалт байна уу?
Макихара: Хавчилт, хаалт байлгүй яах вэ. Шинжаан Уйгарт хятад иргэдийг нутгаасаа хөөж гаргах ёстой гэж хүртэл ярьж эсэргүүцэж байсан. Гэвч манай Өвөр Монголд бол тийм яриа хаалттай. Тийм яриа гаргах хүн байвал аав, ээж ах дүү бүгдэд халгаатай шүү. Бүгдээс дээгүүр улс үндэстнээ гээд ярьж байгаа хүнийг тэд хүндлэхээс өөр аргагүй.
Монголчууд хуран цугларвал үүл хурж, аянга буух мэт
Мoнгoлчууд таран одвоос үүл арилж тэнгэр гийх мэт. Манжийн эзэн Нурхайчи



Мэдээллийн эх үүсвэр : Хүний бүтээснийг нийгэм нь үнэлдэг байх ёстой

No comments:

Post a Comment